Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 45 дугаар захирамжаар орон сууцжуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдсаны хүрээнд Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг тус тус боловсруулаад байна. Хуулийн төслүүд боловсруулсантай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5-д заасны дагуу олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, тус яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга О.Одбаяр, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар, тус яамны Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Э.Батболд мөн олон улсын зөвлөх Дэлхийн банк групп, БНСУ-ын Бан Ки Мүүн сан, КОЙКА, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөгч нар санал, зөвлөмж өгөхөөр оролцож байна.
Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан орлогын түвшинд тохирсон олон төрөлт орон сууцны нийлүүлэлт бий болж,

Бага орлоготой иргэдэд зориулсан халамжийн орон сууц,

Дунджаас доогуур орлоготой иргэдэд хөлслөх орон сууц,

Дундаж орлоготой иргэдэд түрээслээд өмчлөх орон сууцыг нэвтрүүлэх болон бусад зохицуулалтыг тусгасан байна.
Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөлд ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын түвшин, байршилтай уялдуулан төрөлжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төв банкнаас хэт хамааралгүй болгох, зах зээл дээрх дараалал, төвлөрлийг бууруулах, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын сангийн хөрөнгийг хуульд нийцүүлэн иргэдийн орон сууцны хөрөнгө оруулалтад чиглүүлэх болон бусад зохицуулалтыг тусгасан.
Энэ удаагийн хэлэлцүүлэг нь төрийн байгууллага болон олон улсын зөвлөхүүдийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд дараагийн шатны хэлэлцүүлгийг иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр хэлэлцүүлэгүүдийн дараа хуулийн төслүүдийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.