“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын ээлжит шуурхай хурал 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болж, өмнөх хурлаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг хэлтсийн дарга нар танилцууллаа.
Хурлын үеэр төвийн захирал Д.Мөнхбаатар барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагаа, ёс зүйн хорооны ажил, норм нормативын үзлэг, барилгын материалын лабораторийн үйл ажиллагаа болон мега төслүүдийн хяналтын чиглэлээр хэд хэдэн тодорхой үүрэг, чиглэл өгөв.
Хурлын үеэр ХББОСЯ болон бусад холбогдох байгууллагаас ирүүлсэн үүрэг, чиглэлүүдийг хугацаанд нь биелүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулахыг даалгалаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-тэй уялдуулан байгууллагыг төлөөлөн улсын болон орон нутгийн комисст гишүүнээр ажиллах дотоод журмыг шинэчилж, комиссын үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцох хэрэгтэйг онцлов.
Төвийн дэргэдэх Ёс зүйн хорооны дүрмийг шинэчилж, албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр үе шаттай сургалт, арга хэмжээг зохион байгуулахыг үүрэг болголоо.
Барилгын салбарын 1000 гаруй норм, норматив баримт бичиг, дүрэм, стандартад хийх үзлэг, шалгалтын ажлыг эрчимжүүлж, тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлахыг захирлын түвшинд чиглэл өглөө.
Түүнчлэн Монгол Улсад хэрэгжих томоохон мега төслүүдийн судалгааг хийж, эдгээрт мэргэжлийн түвшинд хяналт хэрэгжүүлэх боломжийг судлан боловсруулалт хийхийг холбогдох нэгжүүдэд даалгав. Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлж, хийгдэж буй сорил, шинжилгээний тоо, чанарт онцгой анхааран нэгдсэн удирдлагаар хангах, Замын-Үүд боомт дахь барилгын материалын лабораторийн үйл ажиллагааг эхлүүлж, тогтворжуулах, хилээр орж ирж буй барилгын материалын стандарт, чанар, аюулгүй байдлын хяналтыг орон нутгийн холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотойгоор сайжруулах шаардлагатайг захирал Д.Мөнхбаатар дурдлаа.