“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэх “Цахимжъя” зорилтын хүрээнд барилгын техникийн хяналтын үйл ажиллагааг цахимжуулахаар “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь “Монголын цахилгаан холбоо” ХК хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Талууд хамтын ажиллагааны хүрээнд Боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг цахимжуулах ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ.
Өнөөдөр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн захирал Т.Сайнжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцсон гурван талт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгуудыг камерын хяналтын системд холбож, барилгын ажлын явц болон үе шатны хяналтыг газар дээрээс нь шууд хянах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Камерын хяналтын систем нэвтрүүлснээр мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил, доголдлыг тухай бүр илрүүлэн арилгуулах, барилга угсралтын үе шат бүрийг архивлан хадгалах, зардал болон цаг хугацааг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Уулзалтын үеэр Төв аймагт хэрэгжиж буй 150 ортой дотуур байрны барилгыг камераар хянах үйл явцын туршилтын хяналтыг хийж, цаашид анхаарах, сайжруулах шаардлагатай асуудлын талаар талууд санал солилцлоо. Энэ ажлын үр дүнд үндэслэн дараа онуудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд энэхүү хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх талаар талууд санал нэгдэв.