Тус уулзалтад БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, тус газрын Хот байгуулалт, зураг төслийн институтын эрхлэгч О.Одбаяр болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар, аймгийн ерөнхий архитектор, хэлтсийн дарга нар оролцож байна. Барилга, хот байгуулалтын салбарын 2024 оны зорилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүд, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, салбарын хяналтын бодлого, хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Уулзалтын үеэр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ -ын захирал Ц.Амарсанаа аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай байгуулсан 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Мөн Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн орон зайн төлөвлөлтийг бүсчилсэн хөгжилтэй уялдуулан боловсруулсан төлөвлөлтөө орон нутгийн төлөөлөлд хэлэлцүүлж, санал авлаа. Бүсүүд болон бүсийн аймгууд хооронд эдийн засаг, аж үйлдвэр, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх, аймгийн болон аймгийн төвийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох талаар хэлэлцэв.