Тэргүүлэх төсөвчин, Зөвлөх инженер Ч.Мөнхтуяатай ярилцлаа.
-БХТ-өөс зохион байгуулдаг Төсөвчний анхан шатны сургалтын талаар танилцуулахаар таныг урилаа. Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач. БХТ-д хэчнээн жил багшилж байна вэ?
-Миний хувьд 2014 оноос эхлээд барилгын эдийн засаг төсөв үнэ бүрдлийн чиглэлээр шинээр боловсруулагдаж батлагдсан норм дүрмийг нийтийн хүртээл болгох танилцуулах зорилготой суралцагчдад хичээл орж эхэлсэн. Үүнээс хойш 10 дахь жилдээ Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм, Барилгын төсөв зохиох дүрэм, Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ гэсэн норм дүрмүүдийг танилцуулан багшилж байна. 2023 оны сүүлийн хагас жилээс Ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар барилгын дүрмийн хичээлийг онол, дадлага хэлбэрээр хичээл зааж байна.
-Төсөвчний анхан шатны сургалтанд хамрагдсанаар ямар мэдлэг мэдээлэл олж авдаг вэ, ямар хүмүүс суралцах боломжтой юм?
-Их, дээд сургууль төгссөн дээд боловсролтой хүмүүс мэргэжил харгалзахгүй төсөвчний анхан шатны сургалтад суралцах боломжтой. Энэ сургалтаас барилга байгууламжийн ажлын зураг унших, ажлын зургаас тоо хэмжээ тооцох, төсвийн тооцоо хийх үе шат, дараалал, ашиглагдах норм дүрэм, төсвийн бүтэц зардлууд зэрэг ойлголтыг авдаг. Мөн анхан шатны сургалтаас барилга, сантехник, цахилгаан, холбоо дохиоллын ажлын төсвийн суурь нормуудын эмхэтгэл, тэдгээрийн бүтэц агуулгын мэдлэгийг олж авсан байх ёстой.
-Ижил төстэй бусад сургалтуудтай харьцуулахад БХТ-өөс зохион байгуулдаг сургалт юугаараа онцлог вэ?
-БХТ-өөс зохион байгуулдаг сургалт 2020 оноос эхлээд цахим хэлбэрт шилжсэн. Энэ нь суралцагч хаанаас ч сургалтад хамрагдаж ажлын цаг заваа тохируулан тухайн сургалтын хугацаанд хичээлээ үзэх боломжтой гэсэн үг. Цахим хичээлээ үзээд дуусахаар суралцагчидтай zoom уулзалт хийж ойлголтыг бататгах, ойлгоогүй зүйлээ асуух зэргээр дадлага хичээл орж даалгавар өгдөг. Ингэснээр тухайн суралцагч төсвийн тооцоог ямар дарааллаар тооцох, эцсийн үр дүнг хэрхэн гаргах талаар мэдлэг олж авдаг. Төсвийн тооцооллын программ ашиглахаасаа өмнө төсвийн тооцоо хийх үе шат зарчим дарааллыг мэдэж аваасай гэсэн үүднээс үе шатны ажлын төсвийг тооцооллыг нэг бүрчлэн өөрсдөөр нь энэ тоо ямар зарчмаар гарч байна гэдгийг ойлгуулахыг зорьдог. Дадлага ажлын даалгавраа багшид ирүүлснээр алдаа дутагдлыг нь хэлж залруулж өгснөөр ойлголоо багшаа баярлалаа багшаа гэх нь таатай санагддаг.
Мэдээж “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ жил бүр боловсруулах норм нормативын баримт бичгийн төлөвлөгөөгөө батлуулж зохион байгуулж норм дүрэм боловсруулах бүх л үе шатны ажлыг хариуцан ажиллаж байгаагаараа давуу тал болно. Гэхдээ Барилгын нэгдсэн мэдээллийн систем буюу www.mcis.gov.mn цахим мэдээллийн систем ажиллаж эхэлснээр тэнд шинээр батлагдсан норм дүрмүүдийг байршуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм дүрмүүд, барилгын салбарын эрх зүйн актын эмхэтгэл, халаасны номын цувралуудыг үнэ төлбөргүй үзэх боломж бүрдсэн. Энэ сайтыг хэрхэн ашиглах норм дүрмүүдийг татаж үзэх талаар хичээл дээрээ тодотгож хэлж өгдөг.
-Ер нь барилгын төсөв зохиох, бодох, мэдлэг дээшлүүлэх энэ ажил нь зах зээлд хэр эрэлт хэрэгцээтэй байдаг вэ. Жилд дунджаар хичнээн хүн суралцан төгсдөг вэ?
-Барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэж тооцсон, барилга барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг барилгын төсөвт өртөг гэдэг.
Улс орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн төсөвт өртгийн дүнг өнөөдрийн баримталж байгаа бодлогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм дүрэм, тарифыг ашиглан тооцсон төсвийн тооцоогоор тодорхойлж байна. Ингэхээр жил бүрийн улсын төсвийн тухай хуульд зураг төсөв нь магадлалаар орж батлагдсан барилга байгууламжуудыг тусгах ёстой. Зураг төсвийг үндэслэж төсөвт суулгах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, санхүүжилт олгох, хяналт тавих гээд бүх л үе шатны ажил төсвийн тооцоотой холбоотой байна.
-Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд хариуцлага өндөр, ур чадвар шаардсан ажил гэж бодож байна. Тэгэхээр хичээл, сургалтын хувьд чанартай байх нь мөн чухал байдаг уу?
-Төсөвчин хүний тооцсон тоо бүхний ард хариуцлага байх ёстой. Төсөвчин хүн бас хазайж болохгүй ёс зүйн дүрэмтэй. Энэ ёс зүй хариуцлага, хараат бус байх талаар манай барилгын тухай хуульд ч заагдсан байдаг. Энэ утгаараа төсөвчид эрэлттэй чанартай, чадвартай, хариуцлагатай байх ёстой гэж бодож байна. Хичээл орж байгаа багш ч хичээлээ чанартай зааж суралцагчид ч хариуцлагатай байх ёстой л гэж боддог.
-Энэ ярилцлагаар дамжуулан ямар санааг олон нийтэд хэлмээр байна вэ?
-Ер нь хүмүүс төсөв ямар ямар зардлуудаас бүрддэг юм, тухайн зардлууд ямар зориулалтаар зарцуулагдах ёстой, төсвийн бүтэц, норм дүрмийг хэрхэн ашиглах талаар асуултууд суралцагч гэлтгүй л хүмүүс асууж зөвлөгөө авдаг. Жишээлбэл төсөвт төсөвт ашиг гэсэн зардал, шууд зардал барилгын удирдлага зохион байгуулалтын зардлын нийлбэр дүнгээс 15 хувиар тооцогддог. Төсөвт ашгийн эх үүсвэрээр байгууллага аж ахуйн нэгж ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор хийгдэх хөрөнгө оруулалтын зардал, үндсэн хөрөнгийн шинэчлэлт, эргэлтийн хөрөнгийн өсөлт, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшуулал олгох, мэргэжилтэн бэлтгэх, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг төлөх зэрэг зардлыг санхүүжүүлнэ.
Төсөвчин хүн төсвийн тооцоог батлагдсан зурагт үндэслэж хэн нэгнээс хараат бус, зарчимтай дараалалтай норм дүрмийн дагуу тооцдог дараагийн ахисан шатны төсөвчнөөр хянуулдаг, өөрийн мэргэжил, мэргэшлийн хүрээнд төсвийн тооцоог хийдэг байгаарай л гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа