Барилгын хөгжлийн төвд одоогоор “Төсөвчний анхан шат”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан” болон “Талбайн инженерт зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал”-ын сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Эдгээр сургалтын талаар Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Я.Нарантуяагаас тодрууллаа.
Энэ чиглэлийн сургалтыг 2018 он гарснаас хойш нийт 5 удаа зохион байгуулж, 160 гаруй хүн сургалтад хамрагдаад байна. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
Сургалтад их дээд сургууль төгссөн хүмүүс хамрагдах боломжтой. Тэр дундаа Барилгын инженерийн мэргэжлээр төгссөн хүмүүс энэ талын онол практикийн мэдлэгийг олж авахын тулд сургалтад суух нь их байна. Сургалтаар барилга байгууламжийн төсвийн тухай ойлголт, барилга байгууламжийн зураг унших, төсөв зохиоход зураг төслийг ашиглан ажлын тоо хэмжээг бодох арга, төсөв хянах, илэрч буй алдаа зөрчил түүнд анхаарах асуудал зэрэг ойлголтуудыг мэдэж авахын зэрэгцээ дадлага сургалтаар ур чадвар олгодог. Төсөв зохиох программ хангамжийн талаар орохоосоо илүүтэй төсөв зохиох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулахад бид илүү их анхаардаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдах сонирхолтой хүмүүс сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдсэн. Ялангуяа барилгын талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан /менежер/ гэж бий. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан гэхээр тухайн байгууллагын үйл ажиллагааны аюулгүй байдлын асуудлыг цогцоор нь хариуцан ажиллаж байна.
Дээрх сургалтуудад маань Япон улсаас Монгол улсын барилгын салбарын ХАБЭА-н чадавхыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөх Кишикава Шожиро хүрэлцэн ирж сургалтыг хамтран зохион байгуулалцаж байна. Үүний үр дүнд сургалтын агуулга шинэчлэгдэж, инженер техникийн ажилчдын суралцах эрмэлзэл нэмэгдэж өмнөх жилүүдийнхээс сургалтын давтамж ихэссэн байна.
Дээрх сургалтад хамрагдаж байгаа суралцагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
Төсөвчний анхан шатны сургалтад суралцагч, барилгын инженер С.Ганболд
Төсөвчний анхан шатны сургалтад сууж байгаа нь мэдлэгээ сэргээх зорилготой юм. Сургалтад төсвийн хувьд норм норматив, барилгын төсөв бодох шаардлагатай ажлын тоо хэмжээ, холбогдох эмхэтгэл, үнэлгээнүүдийг ашиглах тал дээр нэлээд ойлголттой боллоо. Багш нарын хувьд ч энэ талын мэдээллийг дэлгэрэнгүй зааж өгч байна. Миний хувьд хангалттай мэдлэг авч байна. Тиймээс цаашид өөрийн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн инженерийн сургалтад суух төлөвлөгөөтэй байгаа.
Төсөвчний анхан шатны сургалтад суралцагч П.Ундраа:
Би энэ сургалтад хамрагдсанаар төсвийн тухай ойлголт, барилгын зураг төсөл, үнэлгээ нормын талаар суурь мэдлэгтэй боллоо. Би өөрөө барилгын салбарын мэргэжлийн хүн биш боловч энэ салбарт ажил эрхэлдэг сургалтын багш нар маань суурь хичээлүүдийн талаар ч мөн маш сайн зааж байна. Түүгээрээ төсөв бодох, түүнийг үе шатуудыг ойлгоход илүү дөхөм байна.