Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сайдын зөвлөх Л. Ганбаатар, БХБЯ-ны ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа болон бусад албаныхан өнөөдөр Техник технологийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Техник технологийн дээд сургуулийн удирдлагууд сургуулиа танилцуулж, уулзалт хийсний дараа төлөөлөгчид сургуулиар явж сургалтын орчинтой танилцсан юм. Тус сургууль нь онол, практик хослуулан оюутныхаа мэдлэгийг чадавхижуулдаг юм байна. Салбарын сэхээтнүүд болон инженер техникийн ажилтныг чанартай бэлтгэж боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлдгээрээ улсдаа тэргүүлэгчдийн нэг. Автозамын барилга, иргэний ба үйлдвэрийн барилга, архитектур, сантехник, инженерийн байгууламж, цахилгаан хангамж, автомашин ашиглалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи гэсэн мэргэжлээр бакалавр зэрэг олгож сургадаг бол дэргэдээ Политехникийн коллеж ЕБС-ийн есдүгээр анги төгсөгчдийг элсүүлж, мэргэжилтэй ажилтныг бас бэлтгэдгээрээ онцлогтой. Мөн “Монгол Коосэн” технологийн коллеж үйл ажиллагаа явуулж Коосэн сургалтын тогтолцоог нэвтрүүлж байгаа аж.
Сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр Барилгын хөгжлийн төвөөс салбарт хүчин төгөлдөр мөрдөж буй 174 төрлийн норм дүрэм, мөн “Барилгын мэдээлэл” эмхэтгэлийн 2017 болон 2018 онд хэвлэгдсэн дугаарыг сургуулийн номын санд суралцагсдын гарын авлага болгож хандивласан юм.
Сургуулийн үйл ажиллагаатай танилцсан Х.Баделхан сайд болон удирдлагууд цаашид сургуулийн үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм