Техникийн кабинетын номын фондын бааз суурь нь 1960 оноос эхлэн манай орны хөгжлийн түвшинд тохируулан боловсруулж, хэрэглэж байсан салбарын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд, тэргүүлэх зэргийн инженерүүд, эдийн засагчид, судлаач, орчуулагчдын хүчин зүтгэлээр боловсруулагдсан техникийн баримт бичгүүдээс эхлэлтэй.
Түүхэн хөгжил
Зураг төсөл боловсруулахад шаардагдах гадаад хэл дээрх /Орос, Чех, Герман, Унгар/ болон монгол хэл дээрх ном, сэтгүүл, альбом каталоги, норм, дүрэм, норматив, стандарт зэрэг нь Улсын барилгын зургийн төв институтын баримт бичиг юм.
УБЗТИнститутын кабинет нь анх 1985 онд байгуулагдаж, байгууллагынхаа болон орон нутгийн зургийн товчооны инженер техникийн ажилтнуудын мэдлэг боловсролоо дээшлүүлэх мэргэжлийн ном, барилгын норм ба дүрэм, сэтгүүл, мэдээллээр үйлчилгээ үзүүлэн ажиллаж эхэлсэн.
1991 оноос Зураг төсөл судалгааны үндэсний төв, 1996 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, архитектурын газар, 2002 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын бүтэц салбарын үйл ажиллагааны хүрээнд норм норматив баримт бичиг, мэргэжлийн ном сэтгүүл, альбом бусад холбогдох мэдээллээр салбарын хэрэглэгчдэд үйлчлэх үүрэгтэйгээр ажиллаж байв.
2006 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв болон өөрчлөгдөхөд үйлчилгээний шинэ дэвшилт хэлбэр болох, “Нэг цэгийн үйлчилгээ” нэвтрүүлэн ажиллаж, тус кабинет нь үйлчилгээний нэг хэсэг нь болон фондод хадгалагдаж байгаа орос, монгол, англи ном, СНиП, гарын авлага заавар зөвлөмж, норм, норматив болон бусад материалаа төрөлжүүлэн ангилан, бүртгэж өөрийн үндсэн хэрэглэгчдэд болон салбарын үйлчлүүлэгчиддээ үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ дэргэдээ барилгын материалын шинэ технологийн танхим үзэсгэлэн ажиллуулж, сурталчилгааны ажлыг ч давхар хариуцаж байсан.
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоол, “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” Засгийн газрын 64 дүгээр тогтоол, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 27 дугаар тушаалаар байгуулагдсан Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын харьяа Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны бүтцийн Салбарын ажилтны сургалт зохицуулалтын хэлтэст харьяалагдсан.
Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 47 дугаар тогтоол болон МУ-ын төрийн өмчийн хорооны даргын 2012-10-01-ний 207-р тушаалаар “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ байгуулагдсаны доторх ССМХ-ийн харьяанд сонирхогч салбарын чиглэлийн болон байгууллагын дотоодын үйлчлүүлэгчдэд ном товхимлоор өнөөг хүртэл үйлчилж байна.
Барилгын материалын шинэ технологийн танхимыг өөрчлөн засварлаж, 2011 оноос зөвхөн техникийн кабинетаар үйлчилгээ явуулж байна.
Номын сан дахь нэр төрөл
нийт 12250-аад нэгж хадгалагдаж байна.
Манай техникийн кабинетийн номын сан нь барилгын салбарын төрөл бүрийн мэргэжлийн инженер, техникийн ажилтан, их дээд сургуулийн оюутан залуус, бусад сонирхогчдод норм норматив, стандарт, ном, сэтгүүл, альбом каталоги зэрэг бусад холбогдох материалаар мэдээлэл өгч, тогтмол үйлчилгээг үзүүлж байдаг.