Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамжид байрлах Глобал Тауны А, B, C, D блокууд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл барилгын инженерийн дэд бүтэцтэй холбоотой олон ноцтой доголдол байсаар ирсэн. Тухайлбал, дулаан хангамж, сантехникийн систем, агааржуулалт, цахилгаан шат, цонхны угсралт нь нь барилгын техникийн шаардлага, стандартуудыг хангасан эсэхэд эргэлзээтэй, үйл ажиллагаа нь доголдолтойгоос гадна дотоод болон гадаад заслуудад оршин суугчдаас санал авалгүй дур мэдэн өөрчлөлтүүд хийдэг тул оршин суугчид нь Глобал тауны хотхоны ашиглалтын алба болох Жигүүртний Хаан ХХК-д удаа дараа аман болон бичгээр мэдээлж, албан ёсоор өргөдөл хүргүүлсээр ирсэн болно. 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр оршин суугчдыг төлөөлсөн 100 гаруй оршин суугчдын гарын үсэгтэй 40 хуудастай өргөдлийг хавсралттай хамтаар Жигүүртний Хаан ХХК болон Бумбын Шовх ХХК-д (борлуулалтын алба) албан ёсоор хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна. Нэмж дурдахад, Жигүүртний Хаан ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны (СӨХ) чиг үүргийг оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гүйцэтгэж, сар бүр ашиглалтын төлбөр авч байгаа боловч үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй, гомдолд хариу өгдөггүй байдал тогтмол үргэлжилсээр байна. Иймд дор дурдсан зөрчлүүдийн хүрээнд холбогдох шалгалтуудыг хийж, барилгын техникийн шаардлага, норм, стандартын дагуу байгаа эсэхийг нягтлан тогтоох, засвар үйлчилгээ хийлгэх арга хэмжээ авахыг хүсэж байна. Үүнд: 1. Дулаан хангамжийн доголдол: • Паарны дулаан жигд тархаагүй, тохируулагч нь зөвхөн 4-5-р түвшинд ажиллаж, 1-3 түвшинд халаалтгүй. • Зарим өрөөнүүдэд халаалт байхад, зарим өрөөнүүдэд огт халаалт байдаггүй. 2. Сантехникийн системийн доголдол: • Маш их зэвтэй, муухай үнэртэй ус гардаг. • Ариун цэврийн өрөө, гал тогооноос тогтмол муухай үнэр үнэртдэг, бөглөрдөг • Зарим айлд халуун усны оронд хүйтэн ус ирдэг бол зарим айлуудад хүйтэн усны оронд халуун ус ирдэг • Бороо орохоор ус шууд тасардаг, шалтгааныг нь тайлбарладгүй 3. Агааржуулалтын системийн доголдол: • Агааржуулалт ажиллахгүй, хажуу айлын хоолны үнэр байнга үнэртдэг. • Хиншүү сорогч сөрөг даралт үүсгэж, гадагш чиглэсэн агаар буцаан үлээдэг. 4. Цонхны угсралт: • Цонхоор сийгэх, савлах, дулаан алдагдах, цантах зэрэг зөрчил нийтлэг байна. • Шилэн фасадаар борооны ус орж ирдэг, өвөл хөлддөг. 5. Цахилгаан шатны угсралт: • Цахилгаан шат давтамжтайгаар савлаж, гацдаг. • Яаралтай дуудлагын товчлуур ажилладгүй, дотроо хяналтын камергүй. 6. Ухаалаг систем • Ухаалаг системийн хүрээнд айл бүрийн дотоод мониторын дэлгэц дээр давхартаа цахилгаан шат дуудах функц байгаа хэдий ч ашиглуулахгүй харин цахилгаан шатыг чипээр ажиллуулж, нэмэлт төлбөр авсан. 7. Гадаад болон дотоод тохижуулалт • Гэрээ байгууллахад суурилуулахаар амалсан жигүүр болгоны шилэн хаалгыг суурилуулаагүй • B1, B2 давхруудад хөгцөрөлтэй болсон гэх мэт Иймд дээрх асуудлуудад анхаарал хандуулж, зохих арга хэмжээг яаралтай авч өгнө үү: 1. Глобал Тауны орон сууцны барилгын инженерийн дэд бүтцийн систем (дулаан, сантехник, агааржуулалт, цахилгаан шат, цонхны угсралт гэх мэт) нь Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн эсэхийг шалгаж, холбогдох мэргэжлийн дүгнэлт гаргах, илэрсэн зөрчилд засвар, үйлчилгээг хийлгэх арга хэмжээ авч өгнө үү. 2. Барилга ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх үеийн шаардлагатай техникийн туршилт, баталгаажуулалт бүрэн хийгдсэн эсэхийг нягтлан шалгаж, барилга эзэмшигч, ашиглалтын байгууллагын хариуцлагын цар хүрээг тодорхойлох шалгалт зохион байгуулж өгнө үү. 3. Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран техникийн хяналт шалгалт хийж, барилгын бүтэц, инженерийн шийдэл, ашиглалттай холбоотой стандартын зөрчил илэрвэл хууль тогтоомжийн хүрээнд засварлуулж, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, хохирлыг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч өгнө үү.