
“Барилгын тухай” хуулийн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын “34.1.4 дүгээр зүйлд заасан Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах” чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв”-өөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор шийдвэрлэсний дагуу дээрхи Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын баталсан дүрмийн үндсэн чиг үүргийн дагуу магадлалын ажлыг зохион байгуулж байна.
Гэтэл барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх албан ёсны эрхгүй “Эм Си Си Си корпорейшн” ХХК нь “Барилгын тухай” хууль зөрчиж магадлалын ажлыг зохион байгуулж байгаа нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах Техникийн болон улсын комисс хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, хүлээн авахгүй байгаа тул захиалагч иргэн, аж ахуй нэгжүүд анхааралдаа авч ажиллана уу.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0418 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор “Эм Си Си Си корпорейшн” ХХК-ийг магадлал хийх эрхгүй болохыг шүүхээс тогтоосон.
Иймд “Эм Си Си Си корпорейшн” ХХК нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй тул байгууллага аж ахуйн нэгжийг “Барилгын хөгжлийн төв”-д хандаж, “Барилгын тухай” хууль, холбогдох норм дүрм, эрх зүйн баримт бичгийг мөрдөж ажиллахыг мэдэгдэж байна.
Барилгын хөгжлийн төв
